МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн УЗ-ийн
20….оны …. сарын ….өдрийн хурлын
……..тоот тогтоолын хавсралт
УУЛ УУРХАЙН МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Уул уурхайн салбарт ажиллаж буй мэргэшсэн мэргэжилтний үйл ажиллагаанд, ажил мэргэжлийн чиглэлээр баримтлах “Уул уурхайн мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрэм” /цаашид ёс зүйн дүрэм гэнэ/-ийг хэрхэн мөрдөж буй харилцааг зохицуулна.
- Монгол Улсын Үндсэн Хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ болон холбогдох дүрэм журмууд нь Ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс болно.
- Мэргэшсэн мэргэжилтний (мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженер) мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаанд УУМХЗ-ийн дэргэдэх Ёс зүйн хороо хяналт тавьж ажиллана.
- Мэргэшсэн мэргэжилтэн нь иргэний өндөр ухамсар, мэргэжлийн өндөр чадвартай, ёс суртахуунтай, мэдлэг мэргэжлийн идэвхтэй, бүтээлч чадвартай, эзэмшсэн мэргэжлийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, мэргэжлийн нэр хүндийг өргөсөн, ёс зүйн манлайлагч байна.
Мэргэшсэн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаандаа дараахь зарчмуудыг мөрдлөг болгож, зөвхөн энэ хүрээнд ажиллана.
- Эх оронч байх
- Үнэнч, шударга байх
- Баримт нотолгоонд тулгуурласан бодит байх
- Хараат бус байх
- Хууль дээдлэх, дүрэм, журам, стандартын дагуу хийх
- Мэргэшсэн байх
- Мэдээллийн нууцлалыг хадгалах
- Мэргэжлийн нэр хүндийг дээдлэх
- Мэргэшсэн мэргэжилтэн нь ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа баримтлан, заавал дагаж мөрдөж ажиллана.
- Ёс зүйн дүрэм нь мэргэшсэн мэргэжилтний мэргэжлийн бүхий л үйл ажиллагаа (ТЭЗҮ, зөвлөгөө, зөвлөмж, шүүмж, дүгнэлт, тайлан, тайлбар, судалгаа, шинжилгээ зэрэг)-нд, тухайн үйл ажиллагаа нь хаана, хэзээ явагдсанаас үл хамааран үйлчилнэ.
- Мэргэшсэн мэргэжилтний эрх авсан хэн бүхэн энэхүү ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхийг зөвшөөрч, батламжилсан болно.
ХОЁР. МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
2.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь эх оронч үзлийг нэн тэргүүнд тавьж үндсэн хуулийн суурь зарчмыг мөрдлөг болгож ажиллана.
2.1.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын эрх ашгийг тэргүүнд тавьж ажиллана.
2.1.2 Газрын хэвлий, түүний баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байх үндсэн хуулийн заалтыг мөрдлөг болгон ажиллана.
2.2 Мэргэшсэн мэргэжилтэн нь хувь хүний шударга байдал, мэргэжлийн ёс суртахууны дээд түвшинг баримтлан ажиллавал зохино.
2.2.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь гагцхүү баримт, нотолгоонд суурилсан бодит байдлыг үнэлж, үнэн зөв мэдээллийг боловсруулж, шударгаар ажиллана.
2.2.2 Мэргэшсэн мэргэжилтэн нь шударга байдал, чин сэтгэлээсээ хандах, итгэл үнэмшилдээ үнэнч байх зэрэг зан үйлийг үйл ажиллагаандаа хэв маяг болгохыг баримтална.
2.2.3 Мэргэшсэн мэргэжилтэн нь ажил олгогч болон үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн ёс зүйн үндсэн үүргийнхээ хүрээнд шударга, чадварлаг, шуурхай үйлчлэх үүрэгтэй.
2.2.4 Гишүүд, мэргэжлийн хамт ажиллагсадынхаа талаар бусадтай харьцахдаа тодорхой, үнэнч шударга, илэн далангуй байдлыг хангаж ажиллана.
2.2.5 Мэргэшсэн мэргэжилтэн нь үйл ажиллагаагаа шударгаар явуулахад нөлөөлөхүйц бодит эсвэл болзошгүй ашиг сонирхлын зөрчлийн талаар өөрийн үйлчлүүлэгч болон ажил олгогчдыг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангаж байвал зохиноцаг тухайд нь хангаж байвал зохино.
2.2.6 Мэргэшсэн мэргэжилтэн нь өөрийн эзэмшилд эсвэл хяналтанд байгаа, тухайн ажил эрхлэхтэй шууд болон шууд бусаар холбоотой байж болох аливаа ашиг сонирхлын мэдээллийн талаар ирээдүйн ажил олгогч эсвэл үйлчлүүлэгчдээ хангаж байвал зохино.
2.2.7 Ажилтнаар буюу гэрээгээр ажил олгогч эсвэл үйлчлүүлэгчид ажиллаж буй мэргэшсэн мэргэжилтэн нь, тэдэнтэй ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй өөр этгээдтэй, ажил олгогч эсвэл үйлчлүүлэгчийнн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр уулзалт зохион байгуулахыг хориглоно.
2.3 Мэргэшсэн мэргэжилтэн нь үйл ажиллагаагаа хэн нэгнээс хараат бусаар зөвхөн мэргэжлийн ур чадварыг гарган ажиллана.
2.3.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь ажил олгогч болон үйлчлүүлэгчийн удирдлага, заавраар хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл боловсруулах, тайлан, дүгнэлт гаргахыг хориглоно.
2.3.2 Мэргэшсэн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд тайлан, шүүмж бичих, боловсруулах, үнэлж цэгнэхдээ зөвхөн мэргэжлийн ур чадварын хэмжээнд хэнээс ч хамааралгүйгээр хийж гүйцэтгэнэ.
2.4 Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, журам, стандартын хүрээнд хуулийг дээдлэн үйл ажиллагаагаа явуулна.
2.4.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь хууль тогтоомж, журам, дүрэм, стандартын заалт, шаардлагуудыг дагаж мөрдвөл зохино.
2.4.2 Мэргэшсэн мэргэжилтэн нь аливаа хууль бус ажиллагаанд санаатайгаар оролцох, үйлдэл хийх, өөрийн боловсруулсан тайлан болон бусад бичиг баримтыг хууль бус зорилгоор ашиглуулахыг хориглоно.
2.4.3 Мэргэшсэн мэргэжилтэн нь төрийн албан тушаалтны шийдвэрт нөлөөлөх зорилгоор түүнд бэлэг сэлт, төлбөр, бусад үнэт зүйл санал болгохыг хориглох бөгөөд хашиж буй албан тушаалын хүрээнд бусдаас аливаа шийдвэрт нөлөөлөх төлбөр, бэлэг сэлт авч үл болно.
2.4.4 Мэргэшсэн мэргэжилтэн нь ажил олгогч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадын аливаа хууль бус шийдвэр, үйлдлийн талаар мэдээлэл авсан бол тэрээр үүнийг ил тод болгох, дээрх үйлдэл нь нийгэмд, олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэнд, сайн сайханд шууд нөлөөлөхүйц бол холбогдох албан тушаалтнуудад мэдээлэх үүрэгтэй.
2.4.5 Ажлын байр, үйл ажиллагаа явуулж буй орчинд аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, дарамтлах үйлдлийг таслан зогсоох талаар арга хэмжээ авах, эрх баригчдад мэдэгдэх хэрэгтэй.
2.5 Мэргэшсэн мэргэжилтэн нь өөрийн үйл ажиллагаандаа цаг ямагт мэргэжлийн нэр хүндийг дээдлэн ажиллана.
2.5.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь өөрийн эзэмшсэн мэргэжлийг нийгэмд улам их үр өгөөжтэй болгохын тулд илүү хичээж, сурч ажиллахыг эрхэмлэвэл зохино.
2.5.2 Мэргэшсэн мэргэжилтэн мэргэжлээрээ бусадтай хамтран ажиллаж, шинэ мэдлэг, техник, технологийг түгээхэд дэмжлэг үзүүлэх, судалгаа, сургалт, практик, стандартыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн чадвараа сайжруулан авна.
2.5.3 Мэргэшсэн мэргэжилтэн нь олон нийтийн болон төрийн байгууллагуудыг төөрөгдүүлсэн, хэтрүүлсэн эсвэл үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл тараах, сурталчлахыг хориглоно.
2.5.4 Мэргэшсэн мэргэжилтэн нь иргэний болон мэргэжлийн хувьд олон нийтийн ажилд оролцдог, салбарын үйл ажиллагааны талаар олон нийтэд сурталчлах ажлыг дэмжиж ажиллана.
2.6 Мэргэшсэн мэргэжилтэн нь өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор нууцлах зайлшгүй шаардлагатай мэдээллийн нууцлалыг чанд хадгална.
2.6.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь ажил олгогч, үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан аливаа нууц мэдээллийг ажил олгогч, үйлчлүүлэгчээс урьдчилан зөвшөөрөл авсан, эсвэл хуульд заасны дагуу задруулах шаардлагатайгаас бусад тохиолдолд тухайн нууц мэдээллийг ажил олгогч, үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хохирол учруулах аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.
2.6.2 Ажил олгогч, үйлчлүүлэгчтэй холбоотой хяналт, шалгалт хийсэн мэргэшсэн мэргэжилтэн нь цаашдаа ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тодорхойгүй бол тухайн ажил олгогч, үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр олж авсан мэдээллээс эдийн засгийн ашиг олохыг эрэлхийлэхээс татгалзана.
2.6.3 Мэргэшсэн мэргэжилтэн нь ажил олгогч, үйлчлүүлэгчийн урьдчилсан мэдэгдэл ба зөвшөөрөлгүйгээр тэдний аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах эрхгүй.
2.7 Мэргэшсэн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд өгч байгаа үнэлгээ, дүгнэлт нь мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байна.
2.7.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь ажил олгогч, үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн хувьд зохих ёсоор үйлчилнэ.
2.7.2 Мэргэшсэн мэргэжилтэн нь зөвхөн мэргэжлийн ажил үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх ёстой бөгөөд аливаа мэргэжлийн зөвлөгөө нь түүний мэргэшлийн ур чадвараас өөр байгаа тохиолдолд ажил олгогч, үйлчлүүлэгчдэд энэ талаар мэдэгдэнэ.
2.7.3 Мэргэшсэн мэргэжилтэн нь түүнээс шаардаж буй аливаа санал, дүгнэлт нь ямар зорилгоор ашиглахыг харгалзан, зохих хэмжээний мэдээлэл аваагүй тохиолдолд мэргэжлийн дүгнэлт өгөх, тайлан гаргахаас татгалзана.
2.7.4 Мэргэшсэн мэргэжилтэн нь тухайн ажил олгогч эсвэл үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангах зорилгоор бусад шинжээч ба мэргэжилтнийг хамтран ажиллах, зөвлөгөө өгөх хамтын ажиллагаанд татан оролцуулна.
2.7.5 Ажил олгогч эсвэл үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг нь мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээтэй нь зөрчилдсөн гэж үзсэн мэргэшсэн мэргэжилтэн нь ийм таагүй нөхцлийг залруулах эсвэл ажил үүргээсээ татгалзана.
2.7.6 Мэргэшсэн мэргэжилтэн нь мэргэжил нэгтэй хамт ажиллагсдын эрх, ашиг сонирхол, оруулсан хувь нэмрийг хүндэтгэж хүлээн зөвшөөрнө.
2.7.7 Мэргэшсэн мэргэжилтэн нь мэргэжлийн даалгаврыг гүйцэтгэх явцад бусадтай хамтран хийж гүйцэтгэсэн ажлыг хүндэтгэх бөгөөд бусдад зориулсан үнэлгээг өөртөө хүлээн авахгүй байна.
2.7.8 Мэргэшсэн мэргэжилтэн нь ажлын цар хүрээнээс хамааран мэргэжлийн баг зохион байгуулан ажиллаж болох бөгөөд ийм нөхцөлд гарч болох бүхий л хариуцлагыг хүлээнэ.
2.7.8 Мэргэшсэн мэргэжилтэн нь амаар болон бичгээр үйлдсэн мэдэгдэлдээ бусдын санааг хулгайлахгүй ба бусдын бэлтгэсэн материалыг зохиогчийг нь дурдалгүйгээр ашиглахгүй.
ГУРАВ. ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ДҮРМИЙГ ЗӨРЧИГСДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
3.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн болох нь Ёс зүйн хороо болон бусад холбогдох байгууллагуудын шийдвэрээр баталгаажсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна.
3.2 Сахилгын шийтгэлийг Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн УУМХЗ-ийн ерөнхийлөгчийн тушаалаар батална.
3.3 Сахилгын шийтгэл хүлээх мэргэшсэн мэргэжилтэнд дор дурьдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг ноогдуулна.
3.3.1 Сануулах,
3.3.2 Мэргэшсэн мэргэжилтний эрхийг 6-12 сар хүртэл хугацаагаар хасах,
3.3.3 Мэргэшсэн мэргэжилтний эрхийг цуцлах
3.4 Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 2 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
3.5 Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ноогдуулж болохгүй.
3.6 Сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
ДӨРӨВ. МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХИЙГ ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛҮҮД
4.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь ТЭЗҮ, түүнтэй адилтгах бичиг баримт материалд илт худал мэдээлэл оруулсан, ашигласан, засварласан, боловсруулсан ТЭЗҮ-тэй нарийвчлан танилцаагүй, үүний улмаас боловсруулагч, захиалагч байгууллага, хамт олон, салбарын нэр хүндийг унагаахад хүргэх үйлдэл гаргасан нь нотлогдсон,
4.2 Шинжээчээр ажиллахдаа баримт материалыг гүйцэд хянаж шалгаагүй, хайхрамжгүй хандсаны улмаас хуурамч дүгнэлт гаргаж, тайлан хамгаалагдсан,
4.3 Уул уурхайн үйлдвэрлэл, техник, технологийн үйл ажиллагаанд өгсөн зөвлөгөө, шүүмж дүгнэлт нь захиалагчид хохирол учруулсан, хохирол учруулах нөхцөл бүрдүүлсэн болох нь тогтоогдсон бол,
4.5 Мэргэшсэн мэргэжилтэн нь хувь хүний ухамсар, сахилга бат, үйлдвэрлэл, ажлын дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг удаа дараа зөрчиж, мэргэжлийн нэр хүндийг унагасан зэрэг,
ТАВ. БУСАД
5.1 Мэргэшсэн мэргэжилтэн нь эдгээр ёс суртахууны хэм хэмжээг үлгэр жишээчээр сахин мөрдөхөөс гадна бусад мэргэшсэн мэргэжилтэнд эдгээр хэм хэмжээнд тууштай хандахыг зөвлөж, дэмжинэ.
5.2 Энэхүү дүрмийг бусад мэргэшсэн мэргэжилтэн зөрчиж байгааг мэдсэн даруйд уг зөрчлийн үндэслэлтэй нотолгоог УУМХЗ-д эсвэл ЁЗХ-д мэдэгдэх үүрэгтэй.
5.3 Төрийн байгууллага болон гэрээт аж ахуйн нэгжээс гаргасан гомдол саналыг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.