Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын

2020 оны А-341 дүгээр тушаалын хавсралт

 

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТЭН, ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ АСУУДЛЫГ МЭРГЭЖЛИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.        Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь заалтыг үндэслэн геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг энэхүү журмаар зохицуулна.

1.2.        Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ажлын хэсэг байгуулан мэргэшсэн мэргэжилтний эрх олгох асуудлыг гүйцэтгэх мэргэжлийн төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна.

1.3.        Мэргэшлийн зэрэг горилогч нь мэргэшсэн мэргэжилтний эрхийг авснаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээчээр томилогдон ажиллах, мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан төсөл, хөтөлбөрт шинжээч хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.

 

Хоёр. Мэргэжлийн төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

2.1.        Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх) нь мэргэшсэн мэргэжилтний эрх олгох үйл ажиллагааг геологийн ба уул уурхайн чиглэлээр гүйцэтгүүлэх бөгөөд чиглэл тус бүрт шалгарсан мэргэжлийн төрийн бус байгууллагатай (цаашид “төрийн бус байгууллага” гэх) хамтран ажиллах гэрээг байгуулна. Энэ журамд тусгагдаагүй мэргэшсэн мэргэжилтний эрх олгох үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой зохицуулалтыг хамтран ажиллах гэрээнд тусгана.

2.2.        Төрийн бус байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.        геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтний эрх олгох асуудлыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах;

2.2.2.        геологийн бүх төрлийн судалгаа, ашигт малтмал ашиглах чиглэлээр зөвлөмж, дүгнэлт гаргах мэргэшсэн мэргэжилтний эрх олгох;

2.2.3.        геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтний эрх олгох хүрээнд зэргийн сургалт, давтан сургалтыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх;

2.2.4.        үйл ажиллагааныхаа чиглэлээр гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах;

2.2.5.        олон улсад геологи, уул уурхайн чиглэлээр баримталж байгаа заавар, журам, стандартыг өөрийн орны онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх, нутагшуулах, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах;

2.2.6.        геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн залгамж халааг бэлтгэх, чадваржуулах;

2.2.7.        мэргэшсэн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн дүрмийг батлах, ёс зүй ба гомдол хэлэлцэх хороог байгуулах;

2.2.8.        геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн чиглэл тус бүрээр мэргэшсэн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, шалгалт авах, мэргэшсэн мэргэжилтний эрх олгох талаар санал өгөх мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийг төрийн захиргааны төв байгууллага, салбарын төрийн бус байгууллага, их, дээд сургууль, сургалтын төвийн төлөөллийг оролцуулан 9 хүртэл бүрэлдэхүүнтэйгээр байгуулах;

2.2.9.        төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага нь энэ журмын 2.2.8-д заасан зөвлөлийн саналыг үндэслэн мэргэшсэн мэргэжилтний эрхийг олгох, сунгах, хүчингүй болгох тухай шийдвэр гаргах;

2.2.10.    энэ журмын 2.2.9-д заасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр танилцуулан хянуулж, мэргэшсэн мэргэжилтний эрхийг олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталгаажуулах;

2.2.11.    мэргэшсэн мэргэжилтний эрхийг хүчингүй болгох асуудлыг тухайн этгээдэд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр шийдвэрлэх;

2.2.12.    мэргэшсэн мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлж ажиллах. Үүнд:

– Сургалтад хамрагдсан хөтөлбөр, хугацаа, огноо;

– Шалгалтын дүн, огноо;

– Хамгаалсан сэдэв, хийсэн бүтээл;

– Гэрчилгээний мэдээлэл (гэрчилгээ олгосон тушаалын дугаар, огноо, мэргэшсэн чиглэл, хүчинтэй хугацаа, сунгалт);

– Бусад шаардлагатай мэдээллүүд.

2.3.     Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх мэргэшсэн мэргэжилтний эрх олгох асуудлыг геологи, уул уурхайн чиглэлийн холбогдох олон улсын байгууллагад Монгол Улсыг төлөөлдөг төрийн бус байгууллага хэрэгжүүлж болно.

 

Гурав. Мэргэшсэн мэргэжилтний эрх олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагаа болон сургалтыг зохион байгуулах

3.1.        Мэргэшсэн мэргэжилтэн гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26 дахь заалтад дурдсан эрх олгогдсон иргэнийг хэлэх бөгөөд Монгол Улсын мэргэшсэн, зөвлөх гэсэн шатлал бүхий мэргэшлийн зэрэгтэй байна.

3.2.        Төрийн бус байгууллага нь геологи, уул уурхайн салбарын мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагаа болон сургалтыг зохион байгуулна.

3.3.        Энэ журмын 3.2-т заасан үйл ажиллагааг дараах байдлаар хэрэгжүүлнэ.

3.3.1.   мэргэшлийн зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг салбарын мэргэжилтний суралцах хэрэгцээ шаардлага, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх эрэлт хэрэгцээнд үндэслэн боловсруулж төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд агуулгын хувьд онолын мэдлэгээс гадна суралцагсдад дадлагын ур чадвар олгоход чиглэсэн байна;

3.3.2.   сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагатай хамтран танхимын хэлбэрээр явуулах бөгөөд үүнтэй дүйцэхүйц эрдэм шинжилгээний хурал, семинар болон бусад хэлбэрээр зохион байгуулж болно;

3.3.3.   энэ журмын 3.4-т заасан шаардлагыг хангасан мэргэшлийн зэрэг горилогчийг сургалтад хамруулах бөгөөд сургалтын төлбөрийн хэмжээг төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно;

3.3.4.   сургалтад хамрагдсан мэргэшлийн зэрэг горилогчоос энэ журмын 2.2.8-д заасан зөвлөл шалгалт авч, гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

3.4.        Мэргэшлийн зэрэг хүссэн горилогч нь дараах үндсэн болзол, шалгуурыг хангасан байна:

3.4.1.   геологи, уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгсөж дээд боловсрол эзэмшсэн байх;

3.4.2.   мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

3.4.3.   зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байх;

3.5.        Энэ журмын 3.3.2-т заасан сургалтад хамрагдсан, 3.4-т заасан болзол шалгуурыг хангасан горилогчид журмын 3.3.4-т заасан шийдвэрийг үндэслэн төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр мэргэшлийн зэргийг 3 жилийн хугацаатай олгоно. Мэргэжлийн гэрчилгээ, батламжийг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталгаажуулах бөгөөд хувийн тэмдгийг зөвхөн зөвлөх зэрэгтэй мэргэжилтэнд олгоно.

3.6.        Зөвлөх зэргийг 2 удаа сунгуулснаас хойш хугацаагүй олгоно.

3.7.        Геологи, уул уурхайн мэргэжлийн чиглэлээр боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан горилогчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн мэргэшлийн зэрэг олгож болно.

3.8.        Мэргэшлийн зэрэг сунгах, хүчингүй болгох нөхцөл:

3.8.1.   мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй мэргэшсэн мэргэжилтэн нь холбогдох зааврын дагуу өөрийн тайланг боловсруулах бөгөөд уг тайланг хангалттай гэж үзсэн тохиолдолд 3 жил тутамд зэргийг нь сунгана;

3.8.2.   энэ журмын 3.8.1-д заасан тайлан боловсруулах зааврыг төрийн бус байгууллагаас тогтооно;

3.8.3.   мэргэшлийн зэргээ сунгуулах хүсэлт (өргөдөл) болон өөрийн тайланг нотлох баримтуудын хамт төрийн бус байгууллагад бичгээр ирүүлнэ;

3.8.4.   мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд мэргэшлийн зэрэг хүчингүй болсонд тооцно;

3.8.5.   төрийн бус байгууллагаас баталсан ёс зүйн дүрэм болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн, шинжээчээр томилогдон ажиллах, мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан төсөл, хөтөлбөрт шинжээч хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ хангалтгүй түвшинд ажилласан тохиолдолд мэргэшлийн зэргийг төрийн бус байгууллагын ёс зүй ба гомдол хэлэлцэх хороо, мэргэшсэн мэргэжилтний зөвлөл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн эрх олгосон байгууллагаас хүчингүй болгоно;

3.8.6.   төрийн бус байгууллага нь мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох хүрээнд гаргасан шийдвэрээ тухай бүр төрийн захиргааны төв байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

Дөрөв. Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн ерөнхий зарчим

4.1.        Мэргэшсэн мэргэжилтэн нь төрийн бус байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.

4.2.        Мэргэшсэн мэргэжилтэн нь шударга ёс, бодит байдал, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, хянамгай байх, хараат бус байдал, мэдээллийн нууцыг хадгалах, техник, арга зүйн стандартуудыг баримтлах, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх зэрэг зарчмыг баримтална.

4.3.        Мэргэшсэн мэргэжилтэн нь төрийн бус байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг зөрчсөн бол мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзнэ.

Тав. Хэрэгжилтэд хяналт тавих

5.1.         Төрийн бус байгууллага нь тухайн оны холбогдох нэгдсэн тайлан мэдээллийг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.2.         Энэхүү журмын дагуу зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

5.3.         Төрийн бус байгууллага нь энэхүү журмын дагуу зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаа, холбогдох тайлан болон мэргэшсэн мэргэжилтний мэдээллийг ил тод нээлттэй байлгана.

5.4.         Гэрээ байгуулсан төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын санаачлагаар гэрээг цуцалж болно.

Зургаа. Журмыг дагаж мөрдөх

6.1.         Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

–oo0oo–